ЭРХЭМ ХҮНДЭТ ХАТАГТАЙ, НОЁДОО,
“Монгол-Германы Гүүр” ТББ/ МГГ ТББ/ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. Анх байгуулагдсан цагаасаа хойш үе үеийн Германд төгсөгчдийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болж, Монгол Улс, ХБНГУ-ын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар өөрсдийн хувь нэмрийг оруулж, төгсөгчидөөрөө дамжуулан хоёр орны хөгжлийн бодлого, соёл боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт “ГҮҮР” болон ажиллаж ирсэн.
Цаг хугацаа өөрчлөгдөн шинэчлэгдэхийн хэрээр анх үүсгэн байгуулахдаа баталсан дүрэм, бүтэц, зохион байгуулалтаараа МГГ ТББ-ын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах боломжгүй болсон тул 2018 оны 08-р сарын 17-ны өдөр байгууллагын эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн хурлыг /БГХ/ зарлан хуралдуулсан билээ. Тус хуралд оролцсон гишүүд байгууллагын алсын хараа, үнэт зүйл, үйл ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар нээлттэй санал солилцсоны үндсэн дээр байгууллагад реформ хийх, сэргээн идэвхжүүлэх зорилгоор дүрэмд зарчмын өөрчлөлт оруулах нь зүйтэй болохыг санал нэгтэй дэмжин, МГГ ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн О. Батболдоор ахлуулсан “Түр хороо”-г байгуулж, дүрмийг шинэчлэн найруулах, цаашдын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн юм.
Ийнхүү “Түр хороо”-ноос 2018 оны 11-р сарын 07-ны өдөр БГХ-ыг дахин зарлан хуралдуулж, дүрмийн төслөө гишүүдэд танилцуулан хэлэлцүүлж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дүрмээ эцэслэн баталлаа. Мөн тус хурлаар МГГ-ийн УЗ-ийн гишүүдийг шинээр сонгосон бөгөөд Удирдах зөвлөлд У. Отгонбаяр, Ж. Энхжаргал, Н. Сугарбаяр, Э. Хатантуул, М. Мандах нар тус тус сонгогдсон болно. Шинэ УЗ нь 2018 оны 12-р сарын 21-ны өдрийн анхны хурлаараа МГГ ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар /УЗД/ У. Отгонбаярыг санал нэгтэй сонголоо.
МГГ-ийн хамт олон ийнхүү шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр 2018-2019 он шилжих үетэй зэрэгцэн байгууллагын баримт бичиг, мөнгө санхүү, эд хөрөнгийг өмнөх Удирдах зөвлөлийн дарга Г. Билгүүнээс шилжүүлэн авах ажлыг зохион байгуулж, шинэ оффисдоо нүүж ороод байна.
Дүрмийн 4.2-р заалтыг үндэслэн 2019 оны 01-р сарын 24-ны өдрийн УЗ-ийн хурлаар Б. Сүхбат, М. Дамдинсүрэн нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр нэмж сонгон, МГГ-ийн УЗ нь цаашид 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо.
“Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн, ажиллаж амьдарч байсан, түүнчлэн одоо сурч, хөдөлмөрлөж буй иргэдийн мэдлэг, чадварт суурилан Монгол Улсад хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлон байгуулах үйлсэд хувь нэмэр оруулах, Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулна” гэсэн эрхэм зорилгын доор МГГ-ийн шинэ УЗ нэгдэж, байгууллагын хөгжлийг дараагийн шатанд гаргах зорилт тавин ажиллаж байна.
2019 онд ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, “Монгол-Германы Гүүр” ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тус тус тохиосон, хариуцлагатай, чухал жил болж байна. Иймд МГГ-ээ цаг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Эрхэм гишүүд, үе үеийн Германд төгсөгчид Та бүхнийг цаашид бидэнтэй улам ихээр хамтран ажиллаж, дэмжин туслана гэдэгт бид итгэлтэй байна.
Хүндэтгэсэн,
“Монгол-Германы Гүүр” ТББ-ын
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийн дарга:
У. Отгонбаяр, Монгол-Германы эдийн засгийн хорооны Нарийн бичгийн дарга
Удирдах зөвлөлийн гишүүд:
М. Дамдинсүрэн, Оюу Толгой ХХК-ийн Уул уурхайн инженер
М. Мандах, Улаанбаатар хот дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны харъяа Дээд боловсролын хяналтын албаны мэргэжилтэн
Н. Сугарбаяр, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн, Эрдэс, баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн мэргэжилтэн
Б. Сүхбат, Конрад-Аденауер Сангийн төслийн менежер
Э. Хатантуул, Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн менежер
Ж. Энхжаргал, LG Mongolia ХХК-ийн захирал